[vc_row][vc_column][vc_row_inner][vc_column_inner width=”1/6″][/vc_column_inner][vc_column_inner width=”2/3″][vc_column_text]Цэвэршилт гэдэг нь физиологийн дагуу өндгөвчний фолликулын идэвх алдагдсанаас биений юм бүрмөсөн зогсож, аменорой 1 жилээс дээш хугацаагаар илрэхийг цэвэршилт гэнэ. Энэ нь эмэгтэй хүний биений юмны сүүлийн мөчлөг бөгөөд нөхөн үржихүйн амьдралын төгсгөл юм.
- Цэвэршилтийн урьтал: Цэвэршилтэд аажим шилжих үе гэх бөгөөд өндгөн эсгүй мөчлөгөөр илэрнэ.
- Климаксийн үе: Энэхүү үе нь нөхөн үржихүйн ба нөхөн үржихүйн бус амьдралын завсрын хугацаа юм.
- Эртэдсэн цэвэршилт: 40 наснаас өмнө эмэгтэй хүнд цэвэршилт явагдах эмгэг үйл явц юм.
Тархалт
Ихэнх орнуудад дундаж нас 50.5 байдаг. Тамхи татдаг эмэгтэйчүүдийн хувьд тамхи татдаггүй эмэгтэйчүүдийнхээс 1 жилийн өмнө явагддаг. Өндгөвчний эртэдсэн дутагдал нь нийт эмэгтэйчүүдийн 1%-д тохиолддог бөгөөд Аутоиммуны өвчин, Дауны хам шинж, Тюрнерийн хам шинжтэй эмэгтэйчүүдэд илүү тохиолдоно.
Физиологи
Эмэгтэй хүний насан туршдаа боловсруулах гаметууд нь тухайн эмэгтэй ээжээсээ төрөх үед тодорхой болсон байдаг. Ургийн үед овоцитийн нийт тоо 6-8 сая байна. Харин төрөх үед буурч 1,5-2 сая болж, бэлгийн бойжлийн үед 300,000-600,000 нь овуляцад ороход бэлэн болдог. 30 насны сүүл үе хүртэл энэ тоо аажим буурч байгаад түүнээс хойш огцом хорогдож яваандаа цэвэршилтэд хүрнэ. Үүнтэй зэрэгцэн өндгөвчний эстроген, прогестерон боловсруулах чадвар мөн буурна. Ингэснээр өнчин тархинаас фолликул идэвхжүүлэх даавар цохилтын тунгаар ялгарч, өндгөвчний эстроген үүсэлтийг сэдээнэ. Цаашдаа энэ нь эрхтний дутагдалд хүрнэ.
Түүнчлэн мэс засал (2 талын оофорэктоми), эмийн эмчилгээ (гонадотропин ялгаруулах дааврын аналогууд), хими эмчилгээ, туяа эмчилгээ зэргийн улмаас тохиолдоно. Эдгээрээс зөвхөн мэс заслын дараах цэвэршилт үл эргэнэ.
Эмнэлзүйн шинж тэмдэг
Эстрогенийн дутагдлын үед илрэх 5 шинж байдаг. Цэвэршилтийн өмнө болон цэвэршилтийн дараа доорхи шинж тэмдгийн дийлэнх нь илэрч болно.
- Судасны агшилтын дутагдал: Цэвэршсэн эмэгтэйчүүдийн яг 85% нь нойргүйдэл болон нойр дутагдалтай болдог. Мөн дараах шинж тэмдэг илэрдэг.
- Нүүр халуу оргиж улайх
- Шөнө хөлрөх
- Толгой өвдөх
- Зүрх дэлсэх
- Нойргүйдэх
- Хэт ядрах
- Арьс эрвэгнэх мэдрэмж
- Сэтгэл зүйн шинж тэмдэг: Цэвэршилтийн дараа үүсдэг хэт ядаргаа нь бухимдал үүсэх шалтгаан болдог.
- Түгшүүр, сэтгэл гутрал
- Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт
- Мартагнах
- Ганцаардал
- Үтрээний дотор давхаргыг уян хатан байлгахад эстроген чухал үүрэгтэй. Цэвэршилттэй хамтаар эстроген буурахад үтрээ хатингиршиж үтрээний дотор хана уян чанараа алдан нимгэрч, яваандаа үтрээ хуурайшин бэлгийн харьцааны үед өвдөж таагүй мэдрэмж төрдөг. Мөн үтрээ халуу оргих, загатнах, цагаан юмны хэмжээ ихсэх болон цус алдалт ч үүсэж болдог.
- Үтрээний дотор давхаргын адилаар шээс дамжуулах суваг, давсаг ч бас хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд эстроген шаардлагатай байдаг. Цэвэршилтээс үүдэлтэй эстрогенийн дутмагшил нь шээс дамжуулах зам, давсагны хатангиршилтыг үүсгэх боломжтой. Үүнээс шалтгаалан шээсний замын эрхтнүүд шээхэд өвдөж хорсох, инээх найтайлгахад шээс дусагнах, давсагны үрэвсэлтэй адил шинж илэрдэг.
- Бэлгийн дур хүсэл үгүй болох
Цэвэршилтийн дараа бэлгийн дур хүсэл нь тухайн хүнээс шалтгаалаад өөр өөр байдлаар илэрнэ. Зарим эмэгтэйчүүдэд бэлгийн хүсэл нэмэгддэг. Жирэмслэлттэй холбоотой сэтгэл зовинолгүй болох нь нөлөөлдөг. Харин зарим эмэгтэйчүүдийн бэлгийн дуршил буурдаг.
- Хатингиршилт үтрээний үрэвсэл / үтрээний хуурайшил ( Үүнээс болж бэлгийн харьцааны үед өвдөх болон таагүй мэдрэмж төрөх боломжтой.)
- Үтрээний халдварт өртөх боломж өндөрсөх/ бусад цэвэршилттэй холбоотой шинж тэмдгээс үүдэлтэй бие махбодын тавгүйтэл (Жишээ нь: нүүр халуун оргих / нойр дутагдал / ядаргаа / толгой өвдөх / шөнө хөлрөх гэх мэт) бэлгийн дуршлыг бууруулах хүчин зүйлсүүд орно.
- Цэвэршилтээс шалтгаанттай сэтгэл гутрал, тайван бус байдал
- Цэвэршилт болон умай авахуулсантай холбоотой өөртөө итгэх итгэл алдрах.
Бие махбодыг дэмждэг эдийн дэмжих чадвар буурах болон яс хэврэгших:
Яс сийрэгжилттэй холбоотой яс хугарах нь элбэгшинэ.
Цэвэршилтийн үед ясан дахь эрдэс бодисууд гадагшласнаар (жил бүр 1~2%) яс амархан хугарамтгай болдог. Ямар нэгэн урьдчлан сэргийлэх арга хэмжээ аваагүй тохиолдолд нийт эмэгтэйчүүдийн 30% нь 75 нас орчимтой болоход аарцаг сүүжний яс болон нуруу нугалам зэрэг яснууд хугарч хөдөлгөөн хийхэд бэрхшээлтэй болно.
Эстрогений дутагдал нь яс сийрэгжилтийн шалтгаан болдог. Яс сийрэгжилт нь хөгширөлтөөс болж тодорхой хэмжээнд үүсдэг боловч эмэгтэйчүүдийн 30%-50% нь цэвэршилтийн дараахи эстрогений дутагдалтай холбоотой үүсдэг.
Эстроген байхгүй тохиолдолд шинэ яс үүсгэх эсийг бодвол удаан хугацааны туршид хөгширсөн ясыг устган эс илүү эрчимтэй ажиллаж өшөө хурдан хугацаанд ясны хоргодол явагддаг учраас цэвэршилтийн дараа ясны хорогдол улам түрэгсэж ясны сийрэгжилтийн аюул ихэснэ.
Оношилогоо
- Эмнэлзүйн шинж тэмдэг
- Үзлэг: Цэвэршилт хэзээ эхэлснээс шалтгаалж эмэгтэйд илрэх эмнэлзүйн илрэл харилцан адилгүй байна. Гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү ихэвчлэн хатингиршдаг.
- Шилжилгээ: Ийлдсэн дэх ЛД, ФИД түвшинг тодорхойлно. Цэвэршилтийн урьтал үед мөчлөгийн 3-5 дахь хоногт 3-10 IU/dl байна. 50-с дээш настай, аменерой бүхий эмэгтэйн ФИД хэмжээ >30IU/dl байвал цэвэршилт гэж үзнэ. 50-с доош насны хэдэн долоо хоногийн зайтай ФИД-г 2 удаа хэмжихэд >30 IU/dl байвал цэвэршилт гэнэ. Энэ насны бүлэгт нэг удаагийн хэмжилтээр ФИД түвшинг тодорхойлох хангалттай бус юм.
Эмчилгээ:
Эмчилгээний гол зорилго бол шинж тэмдгийг арилгах. Эмийн эмчилгээ, альтернатив эмчилгээ, сэтгэлзүйг дэмжих, амьдралын хэм маягийг өөрчлөх зэрэг олон арга хэмжээг хавсран хэрэгжүүлнэ.
Эмийн эмчилгээ:
- Даавар орлуулах эмчилгээ: Эстроген, прогестрон агуулсан эсвэл дан эстроген агуулсан дааврын бэлдмэл хэрэглэнэ.
- Эстроген агуулсан үтрээний тосон түрхлэг: Энэ нь бэлэг эрхтний хатингаршилтай холбоотой үүссэн зовууруудыг арилгана.
Эмийн бус эмчилгээ:
- Усанд сэлэх, алхах, аеробикээр хичээллэх
- Хоол тэжээл: Антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэн, каффейн, архи бага хэрэглэх нь вазомоторын гаралтай шинж тэмдэгт эерэг нөлөө үзүүлнэ
- Фитоэстрогенүүд: Эстроген төст байгалийн нэгдлүүд болох шар буурцагийг хэрэглэх
- Зүү эмчилгээ
- Ургамалын эмчилгээ
[/vc_column_text][/vc_column_inner][vc_column_inner width=”1/6″][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][/vc_row]